| |
|
 |
 |
Элчин сайдын яам |
 |
Элчин сайдын мэндчилгээ |
|
 |
 |
Солонгост амьдарч, хөдөлмөрлөж, суралцаж байгаа монголчууд төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмэрээ байнга оруулж байдаг Та бүхэнтэй энэхүү сайтаар дамжуулан мэндчилэхэд туйлын баяртай байна.
Солонгос орны тухай монголчууд ном сонины мэдээлэл төдийхнөөс хэтрэхгүй байсан цаг үе улиран одож, эдүгээ Солонгос оронд суралцах, хөдөлмөрлөхийг зорьж ирсэн хэдэн арван мянган монгол иргэд аж төрж байгаа учир манай улсын хувьд БНСУ ашиг сонирхолын тэргүүн зэргийн орны тоонд багтан ороод удаж байна.
Солонгост аж төрж байгаа Та бүхэн хүний газар, тэс өөр ёс заншил, амьдралын хэв маягт зохицон хөдөлмөрлөж, суугаа орныхоо хууль тогтоомжийг дээдлэн мөрдөж, шинэ зүйлээс цуцалтгүй суралцаж, бусдыгаа хошуучилж явдагаас гадна Монголын элч төлөөлөгч гэдгээ ямагт санаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрсөн нутгаараа бахархаж, өөрийнхөө түүх соёл ёс заншлыг сурталчлан таниулж байдагт ЭСЯ талархадаг билээ.
Солонгост амьдарч, хөдөлмөрлөж байгаа монгол иргэдийн зэрэгцээ хоёр мянга шахуу оюутан аспирантууд байгаа нь Монгол Улсын хамгийн үнэт баялаг.
Та бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх, манай улсын худалдаа хөрөнгө оруулагч түнш, Солонгостой харилцах гүүр болж, Солонгос оронд эзэмшсэн мэдлэг, өндөр мэргэжил, шинэ технологийг эх орныгоо цэцэглүүлэх үйлст зориулна гэж итгэж Та бүхнийн суралцаж өндөр мэдлэг боловсролтой болох гэсэн эрхэм дээд зорилгод чинь амжилт хүсье.
XXI зуунд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн тэргүүний технологигүйгээр урагшлан дэвшихгүй.
Бид Солонгосын ажил хэргийн хүрээнийхэнтэй бүх салбарт өргөн харилцах чиглэл баримтлахын хамт эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт түлхүү ажиллана.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ хоёр орны сайн хөршийн найрамдалт харилцаа, түншлэлийг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Солонгост ажиллаж, хөдөлмөрлөж, суралцаж байгаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах талаар ажиллах болно.
Эх орноо цэцэглүүлэн хөгжүүлэх нэгэн үзүүрт сэтгэлээр эв эеийг дээдлэн амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ
ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛ |
| |
|
|
|
|