МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 12 дугаар сарын 15-нд Сөүл хотноо болсон Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн Сайд нарын Зөвлөлийн Гуравдугаар Бага хуралд ажиглагчаар оролцов. Хурлын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улсын АНДХХ-т нэгдэх, оруулах хувь нэмэр, байр суурийн талаар үг хэлэв. Хурлаар гишүүн орнуудын тарифын Дөрөвдүгээр раундын дүнг хэлэлцэж, Сайд нарын тунхаглал батлав. Монгол Улс тус хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг мөн хурлаар хэлэлцэж сайшаав.
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” /АНДХХ/ 1975 онд байгуулсан “Бангкокийн хэлэлцээр”-ийн шинэчилсэн хувилбар бөгөөд Бангладеш, Хятад, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка багтдаг. Бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын хооронд худалдааг дэмжих зорилгоор худалдаанд тарифын болон тарифын бус хөнгөлөлт үзүүлдэг. Тарифын 4 дэх раундын хэлэлцээ 2009 онд эхэлсэн.
Сайд Г.Занданшатар БНСУ-д байх хугацаанд Гадаад хэрэг худалдааны сайд Ю Мён Хван-тай уулзаж хоёр талын болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Сайд нар хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглээд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд дээд хэмжээний төлөөлөгчид солилцох, эдийн засгийн харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Талууд хоёр орны иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр цаашид хамтран ажиллах нь зүйтэй болохыг санал нэгтэй тэмдэглэв. Манай тал монгол иргэдийн асуудалд БНСУ-ын төр, засгийн зүгээс анхааралтай хандаж ирсэнд талархал илэрхийлээд, цаашид үргэлжлүүлэн анхаарч өгөхийг хүсэв. |